Зурган мэдээ

“БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛОВ
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль хамтран жил бүр МУБИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлээр  уламжлал болгон зохион байгуулдаг 11 дэх  удаагийн бага хурлыг  “Боловсролын үнэлгээ” сэдвээр зохион байгуулав. Энэ удаагийн хурлын  онцлог нь  21-р  зууны чадвар чадамж, багш боловсролын  хөгжлийг хэрхэн үнэлж, дүгнэх, боловсролын бүхий л шатны сургалтын хийгээд  багшийн ажлыг  үнэлж, дүгнэх асуудлаар  эрдэмтэн судлаачид, багш нарын судалгааны  ажлын үр дүнг  хэлэлцэж байгаагаараа  онцлог болсон юм. 

Хурлыг МУБИС-ийн захирал, проф. Д. Мөнхжаргал, ЭШХАЭ дэд захирал проф. Л.Цэрэнсодном нар  нээж үг хэллээ.  
Тус бага хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайд Л. Гантөмөр  мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “...Боловсролын чанарын үнэлгээний хүрэээнд  сурагчийн  ахиц амжилт, хөгжлийг, хүүхэд бүрийг  хөгжүүлж буй  багшийн ажил, тэдний үр дүнг, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчны өөрчлөлт, суралцахуйд нөлөөлж буй  байдлыг  үнэлэх үнэлгээний  үндэсний тогтолцоог  хөгжүүлэх чухал үед “Боловсролын  үнэлгээ” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаад талархалтай байгаагаа” илэрхийлэв. 

Бага хуралд  манай орны их дээд сургууль, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, ЕБС-иуд болон Финлянд, Япон, БНХАУ, Гонконг, Казахстан, Канад, ОХУ, Филлипин, Солонгос, ХБНГУ, Франц улсын 90 гаруй судлаачид, эрдэмтэд, багш нар хуран чуулж судалгааны үр дүнгээ хэлэлцэв.  Хуралд  илтгэлээ ирүүлж хэлэлцүүлсэн гадаад,  дотоодын  нийт эрдэмтэн судлаач, багш нартаа хурал зохион байгуулагчдын нэрийн өмнөөс  талархал дэвшүүлье.  

Илтгэгчид их, дээд сургуулийн багш боловсролын хөтөлбөрийн  үнэлгээний чанарын  баталгаа, дээд боловсролын судалгааны ажлыг үнэлэх,  оюутны мэдлэг, чадвар,  хандлагыг үнэлэх аргазүйн  хувилбаруудыг турших,  ЕБС-ийн  сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг  үнэлэх, багшийн ажлыг үнэлэх, дунд сургуулийн  сурагчдын өөрийн үнэлгээ, асрамж, халамжийн төвд амьдарч байгаа  өсвөр насныхны  хөгжлийн давуу чанарыг хөгжүүлэх, СӨНХ-ийн хүүхдийн эрүүл мэндийн  хязгаарлагдмал боломжийг илрүүлэх  туршилт судалгааны үр дүн зэрэг боловсролын бүхий л шатны үнэлгээний асуудлуудыг 3 салбар хуралдаанд 2 өдрийн турш хэлэлцсэн юм. Хурлын үеэр тус хурлын эмхэтгэл оролцогчдын гар дээр очин Канад, Казахстаны эрдэмтэд онлайнаар илтгэлээ хэлэлцүүлж, 20 гаруй багш судлаачид ханан илтгэлээр оролцсон нь онцлог үйл явдал байв.  

Боловсролын  үнэлгээгээр хийсэн  багш, судлаач, эрдэмтдийн  судалгаа-туршилтын ажлын үр дүн, ажиглалт бодрол, эргэцүүлэл нь  боловсролын үнэлгээний тулгамдсан асуудлыг шийдэхэд гарц, шийдэл  болох, үнэлгээний хөгжлийн чиглэл, хандлагыг тогтоох, бодлогын зөвлөмж гаргахад жинтэй хувь нэмэр  оруулна гэдэгт итгэлтэй байна. 








No comments:

Post a Comment